Хөдөлмөрийн аюулгүй байдал

Тогтвортой хөгжил

Уул уурхайн салбарын хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал (ХАБ) нэн чухалд тооцогддог. Энэ ч утгаараа тус компани Ухаа худаг уурхайн үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд ажиллагсад, гэрээт гүйцэтгэгч болон олон нийт, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны шаардлагад нэн тэргүүний ач холбогдол өгч, эрүүл, аюулгүй ажлын орчныг бүрдүүлэн, “Осол аваарыг тэглэх”, “Аюулгүй эхэлж, аюулгүй дуусгая” уриаг эрхэмлэн ажиллаж ирсэн.

Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (БОХАБЭА)-н хүрээнд олон улсын OHSAS 18001:2007 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо” стандартын дагуу, нэгдсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү нэгдсэн удирдлагын тогтолцоо нь БОХАБЭА-н бодлого, зорилго, зорилт, шаардлага болон тэдгээрт хүрэх арга замыг тодорхойлсон цогц систем тул компаниас хэрэгжүүлж буй бүхий л төсөл, үйл ажиллагаанд хүрч мөрдөгддөг.

Энержи Ресурс компанийн ХАБ-ын болон осол аваарын үзүүлэлтүүд нь уул уурхайн салбарын олон улсын дунджаас ч доогуур байдаг. Мөн ХАБ-ын стандарт, шаардлагуудыг өндөр түвшинд хангаж, мэргэжлийн хяналтын үзлэг, шалгалтуудад тогтмол хангалттай үнэлгээ авч ирлээ.

ХАБ-ын хүрээнд ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх, хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлох, нийт ажиллагсдад сургалт зохион байгуулах, ажлын байрны үзлэг хийх, зөрчлийг арилгуулах, ослын судалгаа хийх гэх мэт ажлууд компанийн хэмжээнд тогтмол явагддаг.  Тухайлбал сүүлийн ажлын байрны аюулгүйн үзлэгийг жилд дунджаар 200 орчим удаа зохион байгуулдаг.  Мөн ажиллагсдад зориулсан ХАБ, аюулгүй ажиллагаа, осол, эрсдлийн менежмент, анхны тусламжийн сургалт, зааварчилгаанууд тогтмол хийгдэж байна.

Ухаа худаг уурхайд яаралтай тусламжийн 24 цагийн нэгж, ХАБ-ын ба аврах баг ажилладаг. Мөн бүх алба, нэгжийн дэргэд онцгой байдлын үед ажиллах орон тооны бус дэмжих баг ажилладаг нь ХАБ-ын шаардлагуудыг тогтмол хангаж, эрсдлийг бууруулахад чухал үүрэгтэй байдаг.