Компанийн тухай
Компанийн тухай
Компанийн тухай

Энержи Ресурс ХХК нь 2005 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани бөгөөд Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг юм. Тус компанийг М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар байгуулсан. 2010 онд Энержи Ресурс компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, Монголын үндэсний компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа амжилттай гаргасан.

Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худаг коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2,962 га талбай бүхий, 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Ухаа худаг уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлсэн. Үүнээс хойш ердөө 2-3 жилийн хугацаанд тус уурхай нь Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, усан хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд техникийн болон нийгмийн дэд бүтцүүдтэй, дэлхийн жишигт нийцсэн, аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон хөгжсөн.

Өнөөдрийн байдлаар, Энержи Ресурс ХХК нь нүүрсийг дотооддоо угааж баяжуулан экспортолж буй голлох аж ахуйн нэгж бөгөөд ингэснээр Монгол нүүрсний үнэ цэнэ, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсээр байна.

Энержи Ресурс ХХК нь Ухаа худаг төслийг цогц утгаар хөгжүүлэхэд нийт 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн төдийгүй үйл ажиллагаа эхэлсэн 2009 оноос хойш улсын төсөвт 1.2 их наяд гаруй төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, дотоодын 2,000 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллажээ.

2021 оны байдлаар Энержи Ресурс компани 1,900 орчим үндсэн ажиллагсадтайгаас 40 орчим хувийг орон нутгийн иргэд бүрдүүлж байна. Мөн Ухаа худаг цогцолборын хүрээнд 4,000 орчим хүн шууд ажлын байраар хангагдаж байна.

Энержи Ресурс ХХК нь 2010 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын ТОП 5 аж ахуйн нэгжийн нэгээр тогтмол шалгарч ирсэн бөгөөд экспортын орлого, татвар хураамж, ажлын байр зэргээр дамжуулан улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулсаар байна.