Хөдөлмөрийн аюулгүй байдал
Хөдөлмөрийн аюулгүй байдал

Уул уурхайн салбарын хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА) нэн чухалд тооцогддог. Энэ ч утгаараа тус компани Ухаа худаг уурхайн үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд ажиллагсад, гэрээт гүйцэтгэгч болон олон нийт, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны шаардлагад нэн тэргүүний ач холбогдол өгч, эрүүл, аюулгүй ажлын орчныг бүрдүүлэн, “Осол гэмтлийг тэглэх”, “Аюулгүй эхэлж, аюулгүй дуусгая” уриаг эрхэмлэн ажиллаж ирсэн.

ХАБЭА-н хүрээнд олон улсын ISO 45001:2018  “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү нэгдсэн менежментийн  тогтолцоо нь ХАБЭА-н бодлого, зорилго, зорилт, шаардлага болон тэдгээрт хүрэх арга замыг тодорхойлсон цогц систем тул компаниас хэрэгжүүлж буй бүхий л төсөл, үйл ажиллагаанд хүрч мөрдөгддөг.

Энержи Ресурс компанийн  осол гэмтлийн давтамж  үзүүлэлтүүд нь уул уурхайн салбарын олон улсын дунджаас доогуур байдаг. Мөн ХАБЭА-н стандарт, шаардлагуудыг өндөр түвшинд хангаж, мэргэжлийн хяналтын үзлэг, шалгалтуудад тогтмол хангалттай үнэлгээ авч ирлээ.

ХАБЭА-н хүрээнд ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх, хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлох, нийт ажиллагсдад сургалт зохион байгуулах, ажлын байрны үзлэг хийх, үл тохирлыг арилгуулах, ослын судалгаанд тулгуурлан залруулах арга хэмжээг төлөвлөх гэх мэт ажлууд компанийн хэмжээнд тогтмол явагддаг. Тухайлбал ажлын байрны аюулгүйн үзлэгийг жилд дунджаар 200 орчим удаа зохион байгуулдаг. Мөн ажиллагсдад зориулсан ХАБЭА, аюулгүй ажиллагаа, эрсдлийн менежмент, анхны тусламжийн сургалт, зааварчилгаанууд тогтмол хийгдэж байна.

Ухаа худаг уурхайд яаралтай тусламжийн тасаг болон онцгой байдлын аврах бүлэг 24 цагаар ажиллаж, бэлэн байдлыг хангадаг.