Нүүрс баяжуулах үйлдвэр
Нүүрс баяжуулах үйлдвэр

Энержи Ресурс ХХК нь Ухаа худаг цогцолборын хүрээнд Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр (НБҮ)-ийг байгуулсан бөгөөд одоогоор нүүрсийг түүхийгээр бус баяжуулсан бүтээгдэхүүн болгон экспортлож буй дотоодын голлох компани юм. Тус бүр жилд 5 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай нийт 3 модульд суурилсан үйлдвэрийн I модуль 2011 онд, II модуль 2012 онд, III модуль 2013 онд тус тус ашиглалтад орсон.

НБҮ нь 8-10%-ийн үнсжилттэй, экспортын коксжих нүүрсний баяжмал ба эрчим хүчний нүүрс үйлдвэрлэдэг бөгөөд боловсруулах үйлдвэрлэлийн технологиор дэлхийд тэргүүлэгч, Австралийн Сежмент компанийн зураг төсөл, дизайны шийдэлд суурилсан. Дотооддоо баяжуулж, боловсруулснаар монгол нүүрсний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн үр ашигтай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн экпортлох боломж бүрддэг гол давуу талтай. 

Тус үйлдвэр нь бүрэн хүчин чадалдаа хүрснээр нийт 150 гаруй ажлын байрыг бий болгосон бөгөөд технологийн дэвшилтэт шийдэл нь Монголд төдийгүй бүс нутагтаа анхдагч юм. Тухайлбал усыг 98 хувь хүртэл дахин ашиглах орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн нь усаар хомс говь нутгийн онцлогт нэн тохиромжтой шийдэл болсон. Мөн 2013 онд тус үйлдвэрийн дэргэд Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг шинээр барьж, ашиглалтад оруулснаар үйлдвэрээс гарах хаягдал лагийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нарийн технологиор дахин шавхаж боловсруулдаг болсон бөгөөд ингэснээр үйлдвэрлэлд дахин ашиглах усны хэмжээг өмнөхөөс 60-70% нэмэгдүүлсэн.

Нүүрс баяжуулах үйлдвэр нь 2011 онд анх ашиглалтад орсноосоо хойш арван жилийн хугацаанд нийт 62 сая тонн түүхий нүүрс баяжуулж, 31 сая тонн баяжуулсан коксжих нүүрс, 12.5 сая тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс гарган авчээ.